20 дахь удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян
“Гэр бүл гэдэг нь эцгийн хаанчлал, эхийн ертөнц, үр хүүхдүүдийн диваажин” гэсэн үг байдаг. Тэр чинээгээрээ гэр бүл нь хүн төрөлхтний түүхэнд аз жаргалын үндсэн нэгж төдийгүй хүний нийгмийн бичил байгууллага юм.
Гэр бүл аз жаргалтай байвал нийгэм аз жаргалтай, нийгэм аз жаргалтай байвал улс орон аз жаргалтай, улс орон аз жаргалтай байвал дэлхий ертөнц аз жаргалтай байдаг нь жам ёсны эрэмбэ дараалал.
Одоо бид дэлхийн хүн бүрийг нэгэн ам бүл гэж үздэг үед амьдарч байна. Хэдийгээр бид арьсны өнгө, үндэс угсаа, хэл соёл, амьдралын хэв маяг өөр өөр ч бид бүгд хүн гэдгээрээ нэгэн гэр бүл гэж ойлгож болно.
Өнөөдөр бид гэр бүлийн алхах аянаар дэлхий хэмээх нэгэн айлын зовж зүдэрсэн хөршдөө тусламжийн гараа сунгахаар энд цуглаад байна. Өнөөдрийн алхам бүхэн тэднийг хайраар, итгэл найдвараар тэтгэх урам дэм байх болтугай.
Бие биенээ хайрлан, бие биедээ тусалж, дэлхийн энх тайвны төлөө шаргуу зүтгэцгээе.